Хөрөг нийтлэл

Шантарч үл болно: Төсөөллийн бус төлөөллийн ардчиллыг бүтээгч

Нийтэлсэн: У.Түвшинбаяр 2026.01.17 16:56 175 үзсэн
Шантарч үл болно: Төсөөллийн бус төлөөллийн ардчиллыг бүтээгч

Түүний аав ээжээсээ өвлөж авсан хамгийн чухал зүйл нь эх орноо гэсэн сэтгэл юм. Тиймээс ч өөрийнхөө түүхийг улсынхаа түүхтэй зэрэгцүүлэн бүтээж яваа нь энэ.

“Холимог систем үгүй бол төлөөллийн ардчилал оршин тогтнохгүй. Мөнгөтэй хүмүүст зориулсан сонгуулийн хууль үйлчлээд л байвал нийгэм урагш ахихгүй. Тиймээс л энэ сэдвээр багагүй хугацаанд хүчтэй дугарч, тэмцэж, мөн УИХ-ын гишүүд, намынхантайгаа хамтарч ажиллалаа. “Чи буруу юм хийж байна”, “Яах гэж үндсэн хууль өөрчлөх гээд байгаа юм” гэж хэлэх нь энүүхэнд. Саад бэрхшээл алхам тутамд таарсан ч үр дүнд хүрч чадсан”

Тэрбээр ийн ярихад, “Бусдын төлөө гэх сэтгэл л хүнийг хүчтэй болгодог юм байна” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Үнэндээ байнгын хорооны хуралдаан завсарлах хэдхэн минутын хугацаанд л түүнтэй ярилцсан юм. Гэвч хэдэн мянган хуудастай роман эхлүүлсэн мэт санагдаж,  улс төрийн зам нь хаанаас эхлэв, өрнөл, зангилаа, туйл, тайлал юу байв гэдгийг сонирхох болов. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гэх эмэгтэйн улс төрийн түүх бол ганц түүнийх биш. Энэ бол тэгш боломж, ээлтэй нийгмийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөж буй эмэгтэй бүрийн түүх ажээ.

Квотын төлөө тэмцсэн нь

“Өнгөц ажиглахад, Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш боломжтой, хүйсийн ялгаа, дарамт байхгүй мэт. Гэвч бодит байдал дээр тийм биш болохыг сонгуулийн үр дүн баталдаг” гэдгийг С.Одонтуяа гишүүн “Шантарч үл болно” номондоо тусган бичжээ. 2023 оны байдлаар парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр Олон улсын парламентын холбооны гишүүн 193 орноос Монгол Улс 133-т жагсаж байна. Харин ирэх сонгуулиар энэ байдал сайжрах төлөвтэй. Учир нь, УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн хүйсийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувь болгох, намын жагсаалтыг 1:1 хүйсийн харьцаатай гаргахаар болсон. С.Одонтуяа болон Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын гишүүд квотыг 40 хувьд хүргэх саналыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гаргаагүй бол ийм үр дүнд хүрэхгүй ч байж мэдэхээр байсныг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид тайлбарладаг.   

“Ямар ч тохиолдолд энэ зохицуулалт олон эмэгтэй улс төрд орж ирэхэд, хуулийн хүрээнд маш сайн дэмжлэг болж өгнө” хэмээн С.Одонтуяа гишүүн баярлаж байлаа. “Эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголт жинхэнэ утгаараа төлөвшөөгүй тохиолдолд квот гарцаагүй алхам мөн болохыг цаг хугацаа харуулна. Эмэгтэйчүүд бид л нэгнийгээ дэмжихгүй бол тэгш, тэнүүн амьдрал мөд ирэхгүй. Энэ тэмцэл чулуу, мод, хатуу ширүүн үгсээр бус үйл хэрэг, зөв сонголтоор биелэх учиртай” гэдгийг ч мөн тэрбээр хэлж байлаа.

Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуу нэр дэвшигчдэд саад болдог зүйлс дээр ч С.Одонтуяа гишүүн санаа тавьжээ. Ганц л жишээ дурдахад, сонгуульд өрсөлдөхийн тулд нэр дэвшигч олон самбар гагнуулж, гудамжаар нэг байрлуулна, түүнийгээ шөнө сахиж хононо. Тэрбээр эл бэрхшээлийг биеэр туулж ирсэн хүнийхээ хувьд, сонгуулийн самбарыг аймаг дүүрэг нь хариуцаж хийнэ гэсэн заалтыг хуулинд оруулжээ. Энэ мэт сонгуулийн алдаа, саад бэрхшээлийг биеэр мэдэрч ирсэн хүнийхээ хувьд хууль эрх зүйн орчныг засаж залруулан, жинхэнэ төлөөллийн ардчиллыг бий болгоход хувь нэмэр оруулж байна.

Эхлэл…

Түүний аав Монгол Улсын гавьяат эдийн засагч, БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Элчин сайд асан Д.Салдан нь 1960-1990 онд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар Монголд томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байжээ. Харин ээж нь барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн Монголын анхны эмэгтэйчүүдийн нэг бөгөөд улсын барилгын зургийн төв институтын төвийн товчоог 1961-1980 онд удирдаж байв.

Улаанбаатар хотод төрж өссөн Одноо айлын отгон охин бөгөөд хоёр эгч, нэг ахтай. Багаасаа л хичээл номдоо шамдахын зэрэгцээ төгөлдөр хуурын дугуйланд явж, пионер сурагчдын концертод гоцлол хөгжимчнөөр оролцдог байж. Улсын тэргүүний 1-р сургуулийг 1982 онд онц төгсөгчдийн 1-т жагссан тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэж, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд суралцан олон улсын эдийн засагч мэргэжилтэй болжээ. Түүнчлэн АНУ, Итали, БНСУ, Сингапур, Тайланд, Япон зэрэг оронд мэргэжил дээшлүүлэв. Мөн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Ажлын гараагаа Шинжлэх ухаан техникийн улсын хорооны технологийн мэдээллийн төвөөс эхэлсэн ч оёдлын цех ажиллуулж, цаг үеийн нөлөөгөөр ганзагын наймаанд хүртэл явж байж. Тухайн үеийн залуу сэхээтнүүдийн туулж ирсэн замаар явсан нь хал үзэж, хат суусан ажил хэрэгч эмэгтэй болоход нь нөлөөлжээ. Сингапурт очиж нийтийн хоолны газруудын туршлага судалж, олон үндэстний хоолоор түргэн үйлчилдэг Food Court-ын санааг олж, стандартыг нь батлуулж байж. Түүний үүсгэн байгуулсан Sentosa Food Court нь Монголд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхны тохиолдол байв.

 С.Одонтуяаг ийнхүү хувийн бизнесээ өргөжүүлэн тэлж явахад аав нь “Чи хувиа бодоод өөрийнхөө амьдралыг болгоод яваад байна. Хэн улс орондоо хүчээ өгөх вэ” хэмээсэн гэдэг. Тэгээд л гэрээ засчихаад, төрөө засахын төлөө 2007 онд Баянгол дүүргийн Ардчилсан намд элсэж, улс төрийн А үсгээ сурч байсан түүхтэй. Тэрбээр аавынхаа байгуулсан бүтээн байгуулалт, хөгжлийг үргэлжлүүлэхийн тулд улс төрийн тавцанд хөл тавьсан. Эмэгтэй хүн улс төрд алхахад бэрхшээлтэй үе олон ч аав минь намайг их зоригжуулж, нөлөөлдөг байсан гэж С.Одонтуяа гишүүн өгүүлнэ.

 Өрнөл...

С.Одонтуяа Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр хоёр жил шахам ажиллахдаа салбарын зовлон бэрхшээлийг нүдээрээ харж, шийдэл үнэхээр хэрэгтэйг мэдэрснээр УИХ-д нэрээ дэвшүүлэх зорилготой болжээ. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, Монгол Улсын ардын багш, доктор, профессор С.Ламбаа “Би 2008-2012 онд эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяаг зөвлөхөөр урьж, хамтарч ажиллаж байлаа. Тэрбээр 2012 онд Нийслэлийн Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдон, улмаар нийгмийн бодлогын байнгын хороонд ажиллах үедээ эрүүл мэнд, гэр бүл, хүүхэд хамгааллын 10 гаруй хуулийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ахалж байв. Эрүүл мэндийн даатгалын тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль өнөөдөр жинхэнэ утгаараа ард түмний амьдралд өгөөжөө өгч байна” гэлээ.

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал 2016 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал байхдаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахын төлөө хамтран ажиллаж байжээ. “Тэр үед С.Одонтуяа гишүүн мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг батлуулахын төлөө ажиллаж байсан. Энэ хоёр хуулийн төслийн зохицуулалтыг хооронд нь уялдуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн” хэмээн Д.Энхжаргал ярив. Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон УИХ-ын Нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад “Энэ хоёр хуулийн аль нэг нь л байхад болно” гэх үгүйсгэл, эсэргүүцэлтэй тулгарч байжээ. “Тэр бүхэнд С.Одонтуяа гишүүн үндэслэлтэй тайлбар, няцаалтыг тухай бүр УИХ-ын гишүүдэд өгч, ойлгуулж байсан нь хуулиудыг батлагдахад түлхэц болж өгсөн юм. Тухайн үед түүнтэй ярилцахад нэг түүх хуучилсан нь одоо ч санаанд илхэн байдаг.  Тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийгээд тарж байх үед нь нэг жаахан охин түүн рүү дөхөж ирснээ хүний нүд хариулан байж, “Та Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг заавал батлуулаарай” гэж шивнэж хэлээд гүйчихсэн гэдэг. Магадгүй тэр охины чин сэтгэлээсээ гуйсан энэ хүсэлт нь бусад гишүүдийн зүгээс ирэх үгүйсгэл, эсэргүүцлийг үл тоон энэ хоёр  хуулийг хоёуланг хамтад нь батлуулахын төлөө тууштай зүтгэх хүчийг  түүнд өгч байсан болов уу” хэмээн Д.Энхжаргал дурсамжаа хуваалцсан юм.

 С.Одонтуяа 2016-2020 онд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж, 2020 оноос дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон, УИХ-ын хурлын дэд даргын албыг хашиж буй нь энэ. Тэрбээр улс төрийн сонгуульд дөрвөн удаа хүч үзэж, хоёр ялагдаж, хоёр ялсан. Ялагдах үед шүүмжлэх хүн олон байсан ч түүний нөхөр цаг үргэлж дэмжиж, ард нь баттай зогсдог байжээ. Тиймээс ч тэрбээр улс төрд тууштай, тэмцэгч байж чаддаг. Мөн залуу улс төрч эмэгтэйчүүдэд “Ялагдсан ч бууж өгөлгүй зорилгодоо хүрэхийн төлөө дахин өрсөлдөх хэрэгтэй” гэж зөвлөдөг байна. Залуучуудыг манлайлагч болгох зорилго бүхий олон улсын JCI байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй, Монголын охид, эмэгтэй скаутын холбооны Ерөнхийлөгч, Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэтээрээр түүний сонгуульт ажлыг дурдаад дуусашгүй.

 ЖДҮ, Нүүрс, Тусгай сангууд зэрэг нийгэмд өрнөсөн улс төрийн хулгайн аль ч хэсэгт тэрбээр нэр холбогдоогүй. “Манай аав, ээжийн хээл хахууль, хулгайгаас ангид байх ёстой гэсэн хүмүүжил ой тойнд суусан байдаг. Бид учиргүй элбэг дэлбэг биш ч ядуу тарчиг байгаагүй. Монголчууд юм үзээгүй хүн гэж ярьдаг шүү дээ. Яг үүн шиг юм үзээгүй зан бидэнд байхгүй. Тиймээс ч улс төрийн хулгайд нэр холбогдсон түүх үгүй” гэж тэрбээр онцолсон юм. Мөн улс төрд ороод хөрөнгийн хэмжээ нь хамгийн их буурсан гишүүн бол С.Одонтуяа юм билээ. “Улс төрд орохоос өмнө мебелийн том бизнес эрхэлдэг байсан. Харин одоо бол сонгууль болохоор л нэг зүйлээ зардаг гэж зарим нь намайг шоолдог л юм. Гэлээ гээд яах билээ. Улс орныхоо хөгжлийн төлөө хамаг цаг зав, эд хөрөнгөө зориулж байгаа хойно” хэмээн С.Одонтуяа ярина.

 Түүх үргэлжилсээр...

 УИХ-ын дэд даргын албан тушаал хашиж байхад түүнд илүү хангамж байсангүй. Харин  нэг л зөвлөх илүү байгааг түүний ажлын өрөөний үүдэнд байрлах гурван ширээнээс харж болохоор. Дотогш орвол, бичиг цаас, номоор дүүрэн өрөө, түүний ширээ байна. Бүгдийг эмхлэн тавиагүй, харин ч янз бүрийн зүг рүү харсан байх нь үргэлж сөхөж, харж, уншдаг гэдгийг нь илтгэх шиг. “Би ном бичиж, редакторлах хоббитой” гээд аавынхаа бичсэн “Эрдэнэтийг бүтээн босголцсон түүхэн товчоо” болон өөрийн бичсэн “Иргэн та эрхэм дээд баялаг”, “Шантарч үл болно” зэрэг номоо надад дурсгав. “Аав минь ч бусдын төлөө хичээж ажиллаарай гэж захиж байсан. Эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлууд ямагт миний санааг чилээсээр ирсэн учраас энэ номыг” бичсэн гэж “Хавдрын эсрэг мянган номын түүвэр” номоо харууллаа. Энд манай улсын хавдрын эмнэлгүүдийн утасны жагсаалтаас эхлээд ямар буруу дадал зуршлаас болж хавдар тусдаг вэ гэдгийг тоймлон бичжээ. Энэ номоо тэрбээр, нэмэлт материал оруулж, спонсор олдвол дахин хэвлүүлж, дүүргийнхээ иргэдэд тараах хүсэлтэй байгаагаа ч өгүүлж байв.

 Ардчилсан намын үзэл баримтлал, арга барил нь нээлттэй, эрх тэгш байдаг нь түүний сонирхлыг татсан учир энэ намыг сонгожээ. Ардчилсан намын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг их ч 33 жилийн хугацаанд бүтэн засаглаагүй гэдгийг тэрбээр ярив. Тиймээс ирэх сонгуульд ялалт байгуулж, парламентад олонх болохын төлөө тэрбээр зорьж ажиллаж байгаа аж. Тус намд мэдлэг чадвартай эмэгтэйчүүд олон гэдгийг нийгэмд харуулахын тулд саяхан болсон намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Мөн шинэ залуу эмэгтэйчүүдэд сайн менежер хийхээр төлөвлөж буйгаа ч тэрбээр хэлж байв.

 Энэ олон жил улс төрд зүтгэлээ. Улс төр танд юу өгөв гэж асуухад, “Аль ч аймаг суманд очсон иргэд маань халуун дотно хүлээж авдаг. Ахмадууд нь барьж авч үнсээд л.  Тэр бол миний хувьд том баялаг санагддаг. Мөн намын том хамт олон, багтай боллоо” гэж ярих энэ эмэгтэй жинхэнэ улс төрч ямар байх ёстойг үлгэрлэн харуулсаар. Түүний аав ээжээсээ өвлөж авсан хамгийн чухал зүйл нь эх орноо гэсэн сэтгэл юм. Тиймээс ч өөрийнхөө түүхийг улсынхаа түүхтэй зэрэгцүүлэн бүтээж яваа нь энэ.