Нутаг орноо гэх сэтгэлтэй улс төрч
Тэрээр “Сүхбаатар аймгаа залуусын хот болоосой” гэж мөрөөддөг гэдгээ ч илэрхийлж байв. Тиймдээ ч мэргэжил боловсрол эзэмшсэн залуучуудыг нутагтаа ирж ажиллах, сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсээр байна.
2000-иад оны эхэн үе. Аймгийн төв гэж нохой хуцалдаж, улаан шороо боссон газар л байж билээ. Засмал зам, гэрэлтүүлэг, өндөр барилга, орон сууц, томоохон худалдааны төв зэрэг нь тухайн үед бидний мөрөөдөлд ч багтаж байгаагүй юм. Түүнчлэн хүний хөгжил гэж ярих ч юм биш. Торон биржийн гадуур хөзөр, шоо, даалуу өрсөн ажилгүйчүүд дүүрэн байв. Гэтэл Сүхбаатар аймгийн хөгжил сүүлийн 20 жилд илбэдсэн юм шиг л өөрчлөгдсөн. Азийн бар гэдэг шиг л монголын бар болсон гэдгийг бүтээн байгуулалтуудаас гадна бусад хүний хөгжлийн индекс, тоо баримтууд тодхон харуулна. Энэ бүхэн тухайн үед засаглаж байсан улс төрчдийн оновчтой бодлого шийдвэрийн гавьяа гэлтэй.
Улс орны эдийн засаг тааруу, ихэнх иргэд хоногийн хоолныхоо төлөө явж байхад улс төр гэдэг үг үнэндээ хол сонсогдож байсан биз. Гэвч ирээдүйн хөгжил дэвшлийг илүүд үзсэн зарим нь улс төрд оролцоотой явсны буянаар аймаг ийнхүү өргөжин тэлэв. Сүхбаатар аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олонд хэрэгцээтэй олон төсөл санаачилж, илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө зүтгэж яваа тэдгээр хүний нэг нь Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч асан, одоогоор тус аймгийн ЗДТГ-ын бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Гомбожавын Мөнхзаяа билээ. Тэрээр одоогоос хорь орчим жилийн өмнө улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлалыг эхлүүлж, өдгөө намын лидерүүдтэй мөр зэрэгцэн, орон нутгаа хөгжүүлэх үйлсээ үргэлжлүүлсээр.

Улс төрч эмэгтэйчүүдийн хувьд, нам доторх эрчүүдтэй өрсөлдөх л хамгийн чанга гэдэг. Харин Г.Мөнхзаяа дарга төрөлхийн дайчин, шулуун шударга харизмтай учир энэ нь тийм ч хүнд асуудал биш аж. Тэрээр энэ тухайд, “Эрэгтэйчүүд бие даасан шийдвэр гаргаад бусдад ойлгуулахгүйгээр шууд тулгах гээд байдаг нь ойлгомжгүй санагддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд эвээр шийдэх гэж хичээдэг учраас улс төрд зарим талаараа илүү нийцтэй байдаг. Эмэгтэйчүүд бид өөрсдөө оролцоо манлайлалтай байж, төлөөллийг хангаж чадна. Өөрөөр хэлбэл, оролцож чадвал төлөөлж болно. Тиймээс эмэгтэйчүүддээ зоригтой шийдэмгий өрсөлдөгч байх хэрэгтэй.” гэж онцолсон удаатай.
Г.Мөнхзаяа 2003 онд Ардчилсан намд элсэж, 2008 онд аймгийн ИТХ-д нэр дэвшиж өрсөлдөж байв. Тухайн үед Сүхбаатар аймагт Ардчилсан нам засаглаж байгаагүй бөгөөд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бараг байгаагүй аж. Хамгийн анх 2004 онд Өмнөговь аймагт албан ажлын томилолттой явж байх үед намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд оролцох саналыг намын удирдлагаас тавьж байжээ. Тэр жилдээ Баруун-Урт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, ард түмний захиалгаар удаа дараа сонгогдож байсан түүхтэй. “Улс төрд орж ирснээр оносон нь их байгаа болов уу. Залуу эмэгтэй хүнийхээ хувьд нийгмийн оролцоо өндөртэй байх нь мэдээлэлд ойр, бусдаас туршлага авах, суралцах гээд давуу тал ихтэй. Мөн өөрийн санаачилсан төсөл хөтөлбөрийг орон нутагтаа түүн дундаа төрж өссөн сумандаа амжилттай хэрэгжүүлж үр дүнг харж, туршлагажсан он жилүүд өнгөрчээ” хэмээн тодотгон өгүүлэв.
Г.Мөнхзаяа дарга ШУТИС-ийг багш мэргэжлээр төгсөж, улмаар орон нутагтаа багшилж байсан юм. Тиймдээ ч боловсролын салбарыг түлхүүд үзэж, төсвийн мөнгө горьдож суухгүй олон улсын төсөл хөтөлбөрүүдээс орон нутагтаа санхүүжилт татдаг. Жишээлбэл, Сүхбаатар аймгийг хөгжилд хөтлөх ирээдүйн шилдэг удирдагч, манлайлагчдын бэлтгэх зорилготой орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепенершип төсөл, Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл, Дэлхийд өрсөлдөх Сүхбаатар төсөл гэх мэт гаднын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Энэ талаар Сүхбаатар аймгийн боловсролын газарт 35 жил ажилласан Л.Байгалмаа хэлэхдээ, “Би сүүлийн 11 жил боловсролын газрыг удирдахдаа дөрвөн Засаг даргатай ажилласан. Засаг төр ямар байх, бодлого шийдвэр нь ямар байх вэ, ИТХ нь ямар байхаас боловсролын салбар шууд шалтгаалдаг гэдгийг биеэрээ үзэж мэдэрсэн. Өнөөдөр Сүхбаатар аймгийн боловсрол улсын хэмжээнд олон үзүүлэлтээрээ дээгүүрт байна. Энэ нь боловсролын салбарыг тултал нь дэмжсэн хүмүүсийн ач гавьяа юм. Тэдгээр хүмүүсийн нэг нь Г.Мөнхзаяа яах аргагүй мөн” гэж тодотгосон.
Түүнтэй хамт ажиллаж байсан ахмад багш Ц.Энхээ нэгэн дурсамжиндаа,
“ШУТИС-ийн салбар Технологийн сургууль 1999 онд Сүхбаатар аймагт байгуулагдав. Шинэ сургуулийг төвхнүүлэхэд багшлах чадварлаг боловсон хүчний асуудал хамгийн хурцаар тавигдаж байх тэр үед Мөнхзаяа ШУТИС-ийг Мэдээллийн системийн Инженер мэргэжлээр төгсч байсан ба сургуулийн урилгаар аймагтаа ирсэн юм. Тэр ярихдаа яг л ээж шигээ, дандаа толгой холбож, тархи руу “ян”-гээд л буух тийм зүйрлэлээр өгүүлнэ. Нэг удаа юунаас ч боллоо доо, “Тэнд тийм юм болж гэнэ, эртхэн мэдээд тэгж болгоомжилж болоогүй л юм байх даа”.. гэсэн сэдвээр бид ярилцаж суутал Мөнхзаяа ”Ямар өндөр дээр гарч алсын бараа харсан биш дээ, хөөрхий”... гэж билээ. Түүнээс хойш би энэ үгийг байнга хэрэглэдэг. Мөнхзаяагаас сурсан, мэдэж авсан юм надад их. Нэг өдөр хичээлийн завсарлагаар цай ууж суутал Мөнхзаяагаас шар тос ч шиг хиншүү ч юм шиг үнэр үнэртээд, өөрт нь хэлтэл “Өө тийм, өнөө өглөө эрт босч Энхээд хонины махтай хуушуур шар тосонд хайрч, хуушуураар бигнэж өгсөн юм” гэж билээ. Гомбожав гуайнх гэж олон сайхан хүүхэдтэй нутаг усандаа хүндтэй гоё айл байсныг би мэднэ. Тиймээс Г. Мөнхзаяа яалт ч үгүй энэ сайхан гэр бүлд өссөн болохоор хань ижилдээ хүртэл халамжтай нэгэн” хэмээн өгүүлсэн байна.
Г.Мөнхзаяа мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, IT-гаар магистр хамгаалж, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг дүүргэсэн. Түүнчлэн багшаар ажиллаж байхдаа шилдэг сэхээтэн залуу багш болж, хожмоо тус сургуулийн сургалтын албаны дарга, мөн сүүлд МСҮТ болоход захирлаар нь ажиллаж байжээ. Мөн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн газрын даргаар ажиллаж байсан юм.
УИХ-ын гишүүн асан Н.Ганибал,“Гомбажавын Мөнхзаяа бид хоёр олон жил улс төрд мөр зэрэгцэн явж байна. Тэр аливаа асуудалд чин сэтгэлээсээ ханддаг, эрч хүчтэй цөөхөн эмэгтэй улс төрчийн төлөөлөл юм. Сүхбаатар аймгийн Халзан сумын иргэдийн зовлон, жаргал дунд нь байж асуудлуудыг нь шийдэхийн төлөө сэтгэлтэй ажилладаг. Тухайлбал, тэр жилийн өвлийн зуднаар цасанд боогдсон айлууд руу зам гаргах, өвс тэжээлийн тус хүргэх гэж нойр хоолгүй зүтгэсэн. Халзан нутгийнхаа дутууг нь нөхөж, дундуурыг нь дүүргэж явдаг хүн дээ. Төсвийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь Халзан сумандаа авчих гээд байдаг л гэмтэй хүн. Халзан сумынхан маань надаар хэлүүлэлтгүй Мөнхзаяагаа мэднэ” гэж онцолсон юм.
Түүний багын найз Сүхбаатар аймгийн Жаахан Шарга театрын туслах найруулагч Д.Болортуяа, “6-р ангийн үсээ хоёр сүлжсэн дэрс шиг нарийхан охин байхаас нь эхэлж, одоогоор 20 гаруй жилийг хамтдаа туулж дээ. Анх уулзаж байгаа хүнд бол ихээ яравгардуу юм шиг харагдавч ачир дээрээ хамгийн уяхан зөөлөн өрөвчхөн. Фейсбүүкт гунигтай юм харагдвал хөөрхий гээд л нулимс гялтгануулж суудаг. Би заримдаа “чиний юу юм” гэж асуухаар “хөөрхий адилхан эмэгтэй хүн ш дээ” гээд хамар нь шуухитнаж байдаг. Харин төрийн алба, ажил ярихаараа дуу нь чангарч нүд сэрвэлзээд бас л сүртэй хүн гэж Г.Мөнхзаяаг тодотгосон юм.
Тэрээр “Сүхбаатар аймгаа залуусын хот болоосой” гэж мөрөөддөг гэдгээ ч илэрхийлж байв. Тиймдээ ч мэргэжил боловсрол эзэмшсэн залуучуудыг нутагтаа ирж ажиллах, сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсээр байна. Түүний нутаг усаа гэсэн сэтгэл зүрх дундаршгүй их гэдгийг хийж хэрэгжүүлж буй ажлууд нь харуулсаар.