“Өндөр өсгийт”-өөр туулсан улс төрийн он жилүүд
З.Нарантуяа улс төрд орохоосоо өмнө хуримтлалтай, томоохон банкны эдийн засагчаар ажиллаж, санхүүгийн салбарт өөрийн байр сууриа эзэлж байж. Харин парламентад дөрвөн жил суун, улс төрийн “диплом” өвөртлөн гарахдаа санхүүгийн хувьд хасах баланстай болжээ.
Эрүүл улс төрийн “хөрс” нь өндөр боловсрол
1989 он. Өрнийн салхи Дорнын Монголд сэвэлзэж, нэг намын хүнд суртлыг эсэргүүцсэн ардчилсан хөдөлгөөнүүд идэвхжиж байлаа.Тэр үед төв талбайн жагсаал цуглааныг сонирхон, ямар их үнэ цэнээр чөлөөт нийгмийн суурийг тавьж буйг ойлгон, зүрх сэтгэлээрээ дэмжин, дэргэдээс нь харж зогссон хүмүүсийн нэг нь 22 настай, ОХУ-ын Эрхүү хот дахь Улсын их сургуулийн хуулийн факультетын төгсөх курсийн оюутан З.Нарантуяа байв. Тэрбээр хотын захиргаан дээр дадлага хийхээр Монголд ирээд байсан нь энэ. Сургуульдаа буцаж очин, “Төр эхийн онол”-оор мэргэшсэн хуульч болов. 1992 оны хоёрдугаар сараас эхлэн Төвбанкны /Одоогийн Монголбанк/ хяналт шалгалтын газарт хуульчаар ажилд орон, үргэлжлүүлэн 14 жил ажилласан байна.
Түүнийг банкны салбарт хөл тавихад эдийн засгийн уур амьсгал таатай байсангүй. Инфляц 300 гаруй хувьд хүрч, гадаад худалдаа зогссон шилжилтийн хүнд үе тохиож байв. 1990-ээд оны эхэнд анх байгуулагдсан арилжааны банкууд төлбөрийн чадваргүй болж, есөн банкийг хаасан нь нийт банкны салбарын тэн хагасыг эзэлж байлаа. Энэ үед Монголбанкныхан хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг тэнцвэржүүлэх, хариуцлагыг чангатгах өөрчлөлтүүд хийжээ. Мөн Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд зөвшөөрөл өгөх журмыг анх боловсруулж, Зээлийн мэдээллийн төв, Банкны сургалтын төвийг олон улсын туслалцаатайгаар байгуулж, банк санхүүгийн салбарын зөөлөн дэд бүтцийг хөгжүүлсэн байна.
1996-2000 онд Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа З.Нарантуяатай хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажил дээр нягт хамтран ажиллаж байсан М.Болдоо “Дөрвөн жилийн хугацаанд бид 150 орчим хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулан эсвэл шинээр боловсруулж УИХ болон Монголбанкаар батлуулсан” хэмээн дурслаа. Тэрбээр З.Нарантуяа хуульч, санхүүч мэргэжлийг хослуулан эзэмшсэн, түүгээрээ олон жил ажилласан туршлагатайг онцлоод, “Ийм мэргэжилтэн манай улсад ховор шүү. Ийм ч болохоороо санхүүгийн салбарын үйлчилгээг өргөтгөх, ухамсартайгаар зохицуулахыг аль аль талаас нь хардаг ур чадвартай. Мөн эхлүүлсэн ажлынхаа төлөө тууштай явдаг, няцдаггүй, хөдөлмөрч, шинэ санаачилгыг дэмждэг, өөрөө ч үргэлж шинийг санаачилдаг” гэв.
1990 оны дөрөвдүгээр сарын 30-нд баталсан Банкны тухай ганц л хуулиас хойш өнөөдрийг хүртэлх банк, санхүүгийн салбар үйлчилж буй бүх хуулийг боловсруулахад З.Нарантуяа оролцжээ. Тэрбээр банкны дүрэм журам зохицуулалтыг илүү мэргэжлийн найруулж, бичихийн тулд СЭЗИС-д суралцан, эдийн засагч, санхүүч мэргэжлийг эзэмшсэн аж. Мөн 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
2006 онд арилжааны гурван банкнаас түүнд санал тавьсан байна. Тухайн үед хөдөө орон нутагт салбартай Монголшуудан банкийг сонгон, дэд захирлаар нь дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалтууд ордог байж. Нэг удаа өөрийн төрөлх нутаг болох Завхан аймагтаа сургалт хийхээр явж байхдаа онгоцонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаатай таарахад “Чи улс төрд байх ёстой хүн” хэмээн зоригжуулжээ. Тухайн үед З.Нарантуяа өөрийгөө голж, сонгогдож гарах эсэхдээ эргэлзэж байсан ч намын даргатай уулзахад, “Салбартаа ажиллаад мэргэшсэн, төрийн бодлого шийдвэр гаргахад оролцсон, улс төрд бэлтгэгдсэн өөр шиг чинь хүн монголын нийгэмд хэрэгтэй байна” хэмээн нэр дэвших эрхийг нь өгсөн аж. Нөгөө талаас түүний гэр бүлийнхэн улс төрд орохыг маш их дэмжсэн байна. Ийнхүү З.Нарантуяа гурав дахь мэргэжил болох улс төрч болох их үйлсээ эхлүүлсэн түүхтэй.
“Тугаа” буулгасангүй, харин ч намируулсаар

З.Нарантуяа шууд ч улс төрд гараад ирсэнгүй. Бүх л цаг үед тэрбээр мөнгөтэй, хүчтэй өрсөлдөгч нартай тулгарав. Анхны сонгуульдаа 2008 онд Завхан аймгаасаа нэр дэвшээд унажээ. 2012 оны сонгуулиар мөн л ялалт байгуулсангүй. Хувь хүний бэлтгэл, олон түмэнд танигдах ажил түүнд хэцүү байгаагүй аж. Харин “Хамгийн бэрхшээлтэй даваа бол нам доторх өрсөлдөөн” гэж тодорхойлсон удаатай. Тэрбээр гурав дахь удаагаа буюу 2016-2020 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, Завхан аймгаасаа сонгогдсон юм.
Гэхдээ энэ ч тийм баярлахаар нөхцөл байдал байсангүй. Улс төрийн эгзэгтэй цаг мөчид тэрбээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болов. Эрх баригч нам хэтэрхий олуулаа... Ардчилсан намаас есөн гишүүн парламентад сонгогдсоноос цор ганц эмэгтэй нь З.Нарантуяа байв. Түүний хувьд Ардчилсан намын олон фракцын нэгэнд нь ч харьяалагддаггүй. Харин УИХ-д ажиллахдаа 10 гаруй байнгын хороонд харьяалагдаж, тэр дундаа төсвийн байнгын хорооны зарлагын хяналтын дэд хороог ахлан ажиллажээ. Зарлагын Хяналтын дэд хороо нь татвар төлөгчдийн мөнгө хэрхэн, яаж зарцуулагдаж байгааг хянах үүрэгтэй. Тиймээс төсвийн сахилга, хариуцлага, үр ашиггүй зардлаа багасгах, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой байлгахыг эрх баригчдад байнга хэлж, дуугардаг байв. Ард түмэн ч түүнийг “төсвийн” гэх тодотголоор нь мэддэг болжээ.
З.Нарантуяаг сонгогдох үед Завхан аймаг дэд бүтцийн хөгжил муутай, хувийн сектор бага хөгжсөн алслагдсан нутаг байв. Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхийн төлөө олон ажил хийсэн гэж нутгийнхан нь ярьдаг. Тэрбээр аймгийн шинэчлэл өөрчлөлтийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг УИХ дээр шийдэж, төрийн шийдвэрээр дэмжүүлж чаддаг байв. Тухайлбал, Загастайн давааны замыг эхлүүлж, нисэх буудлын буух зурвасын шинэчлэлийг дуусгаж, аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг батлуулж, төв хэсгийн инженерийн шугам сүлжээ, холбоо харилцааны шугамын шинэчлэлийг хийж, цэвэрлэх байгууламж, дулааны цахилгаан станц байгуулах УИХ-ын шийдвэрийг гаргуулж ажиллажээ.
2016 онд дэвшихдээ тэрбээр ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төсөл, аялал жуулчлалыг хөгжүүлэн ажлын байр бий болгох гэсэн хоёр гол чиглэл баримтлан, мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Улс төрчийн сонгуулийн үеэр хэлсэн үг цаг хугацааны эрхээр үнэн худал нь дэнслэгддэг жамтай. З.Нарантуяа хэлсэн үгэндээ байж, орон нутагт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг дэмжсэн “Хөдөөгийн хөгжил” хөтөлбөрийг санаачлан, Завхан аймгийн сумдыг “Шинэ хөдөө” төсөлд хамруулжээ. Энэ нь малын түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагт боловсруулан, дэлхийн зах зээл рүү гаргах боломж бүрдүүлж буй. Түүнийг гишүүн байх хугацаанд төслийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн суурь ажлууд дуусчээ. Гэсэн хэдий ч тэрбээр одоог хүртэл Завхан аймагтаа төслөө үргэлжлүүлсээр явна. Тусгай хамгаалалттай газруудыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах, үндэсний парк хэлбэрээр хөгжүүлэх түүний санаа Монголдоо анхдагч төсөл байлаа. “Улс төрч хүн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Мөн амнаас гарч буй үг бүхэн нь үнэн бодит байх ёстой. Энэ бол хүний хүмүүжил, төлөвшлийн асуудал. Миний суурь хүмүүжил болон хийж бүтээсэн ажлын маань зам мөр улс төрч гэх мэргэжлийг эзэмшихэд хүргэсэн юм болов уу” хэмээн З.Нарантуяа хэлэв.
Хасах баланстай ч сэтгэлд өег улс төр
2020-2024 оны УИХ-ын сонгуульд З.Нарантуяа ялагдсан. Ингээд тэрбээр гурван удаа унаж, нэг сонгогдсон үзүүлэлтэйгээр улс төрчийн замаар 10 гаруй жил алхаж байна. Гэвч тэрбээр дахин төрийн түшээ болж, эхлүүлсэн төслүүдээ дуусгаж, Завхан нутгийнхаа ард түмний төлөө ажиллах амбицтай. Материаллаг талаасаа харвал, улс төрд өнгөрүүлсэн түүний амьдралын 15 жил хасах баланстай байв. Түүний АТГ-д мэдүүлсэн ХАСХОМ /хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг/-ийг харвал, 2015 онд буюу сонгуульд нэр дэвшихийн өмнөх жил хувийн орлого 732, гэр бүлийн орлого 18 сая төгрөг байжээ. Харин 2018 онд хувийн орлого 64 сая, гэр бүлийн орлого 37 сая төгрөг гэж тэмдэглэгдсэн байна.
З.Нарантуяа улс төрд орохоосоо өмнө хуримтлалтай, томоохон банкны эдийн засагчаар ажиллаж, санхүүгийн салбарт өөрийн байр сууриа эзэлж байж. Харин парламентад дөрвөн жил суун, улс төрийн “диплом” өвөртлөн гарахдаа санхүүгийн хувьд хасах баланстай болжээ. Энэ тухайд тэрбээр, “Завханы ард түмний амьдралын чанарыг сайжруулахын тулд бодит төслүүд хэрэгжүүлж, тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлт гарсан. Тиймээс ард иргэдийн зүгээс талархлаа илэрхийлэн, итгэл найдвар тээсэн харцаар хардаг. Ард түмнийхээ энэ л сэтгэлээр улс төрч хүн тэжээгддэг юм байна гэж ойлгосон” хэмээв. Тэрбээр мөн засгийн машин унадаггүй, гар утасны төлбөрөө өөрөө төлдөг гишүүн байжээ. З.Нарантуяа улс төрөөс уяатай бизнесгүйн дээр, ЖДҮ, Хөгжлийн банкны зээл, Нүүрсний хулгай зэрэг дуулиант хэрэгт холбогдож байгаагүй. Тэр тусмаа хамгийн анх Хөгжлийн банкны асуудлыг гаргаж, олон нийтэд ил болгож байлаа.
Зоригийг бадраа
Хагархай бутархай болж, эвлэрч нягтарахад тун хэцүү болсон Ардчилсан намын даргад З.Нарантуяа нэрээ дэвшүүлсэн. Зарим нь “Өрсөлдөгч хоёр хүнийхээ саналыг хуваалаа” гэж хардсан ч, “Намын даргад нэрээ дэвшүүлдэг зоригтой эмэгтэй юм” гэж дүгнэсэн олонх ч бий. “Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн нь тохиолдлынх биш. Ардчилсан нам бол зөрчилдөөд байгаа лидерүүдийн нам биш, үүний цаана мэдлэг боловсролтой олон мянган сэхээтнүүд, эрүүл зөв сэтгэлгээтэй мянга мянган бий. Энэ хүмүүс намынхаа дүрэмд заасны дагуу удирдлагаа өөрсдөө сонгох, сонгогдох эрхтэй. Эмэгтэй хүн ийм цаг үед намаа удирдаад явж яагаад болохгүй гэж. Сонгууль дөхөж буй энэ үед намынхаа шинэчлэлийн тухай ярьж, дуу хоолой нь больё гэж зорьсон” хэмээн З.Нарантуяа өгүүлэв.
“Эмэгтэй хүн улс төрд байхын давуу тал гэвэл, нэгдүгээрт, эмэгтэй хүмүүс маш их хичээл зүтгэлтэй, аливаа ажлын цаана нь гарна гэж зорьдог. Хоёрдугаарт, асуудлын шийдлийг олж буй өнцөг нь эрэгтэйчүүдийнхээс өөр, гуравдугаарт, эмэгтэйчүүдийн боловсрол өндөр байна. Тиймээс улс төрд олон эмэгтэй орж ирээсэй гэж хүсдэг” хэмээн З.Нарантуяа тэмдэглэв. Ирээдүйд залуу эмэгтэйчүүд улс төр хийдэг болно гэдэгт тэрбээр итгэж, ярьж, тэдэнд “Зоригтой байгаарай” гэж зөвлөдөг байна.
Тэгвэл З.Нарантуяаг улстөрийн замд анх ятган оруулсан Б.Дэлгэрмаа түүнийг “Юманд мэргэжлийн өнцгөөс ханддаг, их чамбай хүн дээ” хэмээн тодорхойлоод, “Ойрын жишээ дурдахад, тэр 2016-2020 онд АН-аас сонгогдсон цорын ганц эмэгтэй гишүүн байлаа. Тухайн үед ардчилсан эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүчтэй хүргэж байсан төдийгүй төсвийн хяналтын асуудалд мэргэжлийн оновчтой байр суурийг илэрхийлж байсан” гэсэн.
Монгол Улсын Гавьяат хуульч, эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Загдхүүгийн Нарантуяа улс төрийн тавцанд ч, бодит амьдрал дээр ч нэг л янзаараа. Хувирч өөрчлөгдөнө гэж байхгүй. Улс төрийн тавцанд өрсөлдөхөд түүнд бусад шиг сагс, сагс бэлэн мөнгө байсангүй, “лифтэнд” суулгаж дээш татдаг фракц ч байгаагүй. Түүнд зөвхөн хэлсэн үгэндээ үнэнч байх юмсан, зорьсон үйлээ бүтээх юмсан гэсэн сэтгэл, зориг зүрх хийгээд гэр бүлийнхнийх нь чин сэтгэлийн дэмжлэг л байж.
Ийнхүү улс төрийн хэцүү бэрх замаар 10 гаруй жил алхахдаа З.Нарантуяа хагархай бутархай Ардчилсан намаа нэгтгэн, 33 жилийн өмнө эхлүүлсэн ардчилсан өөрчлөлтүүдийг хөрсөн дээр нь амилуулахыг хичээж явна. Улс төрийн хад чулуутай хүнд бэрх замаар араас нь явж буй “өндөр өсгийтүүд”-ийг дэмжин, зөвлөж, заримтай нь хамтран урагшилсаар...